MHEG

2014.03.26

АЮУЛ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Аюул ослоос урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

 “Аюул осол, онцгой нөхцлийн бэлэн байдлыг хангах талаар авч буй арга хэмжээний тухай” аймгийн Онцгой байдлын газрын даргын илтгэлийг  хэлэлцээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ээлжит  XV хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Онцгой байдлын газрын дарга Я.Энх-Амгаланд даалгах нь:

  1. Аюул осол, онцгой нөхцөл байдлын менежментийг сайжруулж, инновацын хөтөлбөр,  мэдээллийн нэгдсэн сантай болох

2. Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, ангиудын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх

3. Хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран үр нөлөө бүхий системтэй тодорхой ажил, үзлэг шалгалт, сургалтыг зохион байгуулах

4. Шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээнд хяналт тавьж, галын болон тэсрэлтийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын  арга хэмжээ авах

5. Химийн хорт болон идэвхтэй үйлчилгээтэй бодисын аюулыг бууруулах, үйлдвэрлэлийн технологи, ажил үйлчилгээнд холбогдох байгууллагуудын хамт хяналт шалгалт явуулах

6. Ой, хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдал, дайчилгааны төлөвлөлтийг сайтар хангах

7. Иргэд олон нийтэд тулгуурласан сургалтыг эрчимжүүлэх

Хоёр. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга /Т.Отгон/-т даалгах нь:

1. Малын гоц халдварт өвчний голомтыг таслан сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар мал эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуйг сайтар зохион байгуулах

2. Малыг эрүүлжүүлэх, хуваарьт вакцинжуулалт, ариутгал халдваргүйжүүлэлт, тарилгыг нийт малчин өрх айл, иргэдийг бүрэн хамруулан явуулах

3. Малчдын дунд мал амьтны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга зүйн сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

4. Дулааны улиралд малчдын өвөлжөө, хаваржааны өтөг, бууцыг тогтмол цэвэрлүүлж,  ариутгал халдваргүйжилтийг хийлгэх ажлыг эрчимжүүлэх

5. Газар тариалан, хүнс ногооны бүс нутаг, талбайг хортон шавьжаас хамгаалах, зохих устгал ариутгал халдваргүйжилтийг нормативын дагуу зохион байгуулахад тогтмол хяналт тавьж ажиллах

6. Уст цэг, усны эх үүсвэрүүдийн судалгааг холбогдох байгууллагуудын хамтаар тогтмол гаргаж үйлчилгээний үйл ажиллагаанд нь анхаарах

Гурав. Хотын захирагчийн албаны дарга /Б.Батжаргал/-т даалгах нь:

1. Үер уснаас хамгаалах инженерийн байгууламж болон байгалийн суваг шуудууны ашиглалтанд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах

2. Барилга орон сууцны дулаан хангамж, цэвэр, бохир усны инженерийн байгууламжуудын хэвийн ажиллагааг найдвартай хангахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах

Дөрөв. Баян-Өндөр, Жаргалант  сумын Засаг дарга, Хот тохижуулах газрын дарга нарт даалгах нь:

1. Үерийн усны инженерийн байгууламж, ус зайлуулах суваг шуудууны хэвийн ажиллагааг хангаж, хог хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгаа, ухуулан сурталчлах ажлыг иргэдийн дунд сайтар зохион байгуулах

2. Нохой, муурны устгалын менежментийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ  зохион байгуулж, үр дүнг дээшлүүлэх

Тав. Байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

Зургаа. Аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар, дадал зуршил эзэмших, эрүүл орчин, аюулгүй амьдрах нөхцлийг хангах зорилгоор эрсэдлээс зайлсхийх уламжлалт арга ухаанд суралцах, эх дэлхий байгаль орчноо хамгаалах, сэргээх,  ногоон орчинг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж мод, бут тарих, цэцэрлэгжүүлэхийг Аймгийнхаа нийт иргэдэд хандан уриалсугай.

ДАРГА                                Б.МЯГМАРСҮРЭН